
Шенгений орнууд гэж юу вэ? Шенгений орнууд, Шенгений виз гэдэг үг бидний чихэнд хэдийнэ хоногшжээ. Энэ хоршоо үгийг сонссон хэн бүхэнд хил гаалийн нэгдсэн системтэй, Европын хэд хэдэн улсын тухай ойлголт төрдөг. Шенген нь угтаа Люксембургийн нутагт орших Schengen хэмээх жижигхэн тосгоны нэр аж. Люксембургийн вант улсын зүүн өмнөд хэсгийн гэгээн Маркийн уулыг эмжин урсах Мозель голын хөндийд байрладаг эл тосгоныхон Герман, Францтай хил залган амьдардаг аж. 400 гаруй хүнтэй тосгоны оршин суугчид дарс эсгэж олсон мөнгөөр амьжиргаагаа голлон залгуулдаг байна. Түүхийн хуудсыг сөхөн үзвэл хүрэл зэвсгийн үеэс энд хүмүүс суурьшиж байсан агаад тосгоны нэр нь МЭ 877 оны тэртээх бичиг дурсгалын өвд тэмдэглэгдэн үлджээ. 1909 онд Мозель гол дээгүүр гүүр тавьснаар дундад зууны үеэс Шенгений оршин суугчдыг нааш цааш зөөж ирсэн гатлага онгоцны үйлчилгээг халсан аж. Харамсалтай нь дэлхийн II дайны эхэн үед уг гүүрийг устгаж орхисон бөгөөд хожим нь 1959, 2003 онд шинэ гүүрийг ашиглалтад оруулжээ. Дээр өгүүлсэнчлэн Шенген гэдэг нэрийн дор нэгдсэн хил хязгаартай, чөлөөтэй зорчиж болох орон зайг үүсгэсэн хэсэг улсын тухай ойлголт төрөх нь элбэг. Тосгонд ирсэн хүн юуны түрүүнд XVIII зууны үеийн Шенгений шилтгээн болох Кохагийн байшинг үзэхээс гадна дээрх хэлэлцээрийг байгуулсан Шенгений талбай, тэнд босгосон дурсгалын хөшөөтэй танилцах боломжтой. Энд сүндэрлэх гурван багана нь Шенген гэдэг үгийн эхний үсгийг илэрхийлдэг аж. Шенгений хэлэлцээр “Хил залгаа орших Европын холбооны орнуудын хоорондох гааль, паспортын хяналтыг цуцлах тухай” хэлэлцээрийг анх 1985 оны зургадугаар сарын 14-нд Бельги, Нидерланд, Люксембург, Франц, Герман, Португал, Испани зэрэг долоон улс байгуулжээ. Гэхдээ уг баримт бичиг бараг 10 жилийн дараа буюу 1995 оны гуравдугаар сарын 26-наас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байна. Өнгөрсөн хугацаанд уг хэлэлцээрт найман орон шинээр нэгдсэн бөгөөд Европын холбооны бусад гишүүн ойрын хугацаанд элсэхээр төлөвлөөд буй аж. Европын холбооны гишүүн Ирланд, Их Британи Шенгений оронд харьяалагддаггүй бол, тус холбооны гишүүн бус Норвег, Исланд улс дээрх хэлэлцээрт нэгджээ. Хэдийгээр хэлэлцээрт оролцоогүй ч Ирланд, Их Британи нь Шенгений мэдээллийн системийг /SIS/ ашиглах эрхтэй юм. Энэхүү мэдээллийн систем нь хэлэлцээрт нэгдсэн 15 орны Засгийн газар хоорондын нэгдсэн сүлжээ юм. Албан бус мэдээгээр, аюулгүй байдлыг хангах үүднээс дээрх мэдээллийн санд Шенгений орнуудаар зорчих, түр болон удаан хугацаагаар оршин суух хүмүүсийн овог нэр, гадаад төрх, төрсөн он болон газар, яс үндэс зэргээс гадна, хулгайлагдсан бичиг баримт, автомашин, галт зэвсгийн талаарх 15 сая бичлэг хадгалагдаж буй аж. Шенгений виз гэж юу вэ? Энэ нь дээрх хэлэлцээрт нэгдсэн орнуудын аль нэгнээс олгосон виз юм. Эдгээр улсын аль нэгэнд нь олгосон виз бусад оронд хүчин төгөлдөр үйлчилнэ. Шенгений визийн нэлээд хэдэн төрөл байдгаас хамгийн их хэрэглэгддэг нь богино хугацааны, жуулчлалын болон ажил хэргийн буюу бизнес виз юм. Хэрэв та Шенгений визийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл http://www.shengen.ru/ сайтыг сонирхоорой. Шенгений хэлэлцээрийн гишүүн орнууд:
1.Австри 2.Бельги 3.Дани 4.Финланд5.Франц 6.Герман 7.Исланд 8.Итали 9.Грек 10.Люксембург11.Нидерланд12.Норвег13.Португал14.Испани15.Швед
Шинээр элсэхээр зэхэж буй улс: 1.Кипр2.Чех3.Эстони4.Унгар5.Латви6.Литви7.Мальт8.Польш9.Словак10.Словен Шенгений визийн хэрхэн авах вэ? Та өөрийн зорчих гол орны Элчин сайдын яаманд визийн өргөдлөө гаргана. Германы Элчин сайдын яам дараахь улсуудыг төлөөлж байгаа тул таны зорчих гол орон Герман, Бельги, Дани, Грек, Латви, Люксембург, Нидерланд, Австри, Португал, Испани, Исланд, Швед, Финланд улсууд бол Та Германы Элчин сайдын яаманд өргөдлөө гаргаж болно. Өргөдлөө өгөхдөө үйлчилгээний хураамж 60 евротой тэнцэх доллараар(тухайн өдрийн ам. долларын ханшаар) төлөх ба энэ хураамжийг виз татгалзсан болон өргөдлөө буцаан авсан тохиолдолд буцаан олгохгүй. Та өргөдлийн маягтыг визийн тасаг болон Элчин сайдын яамны цахим хуудаснаас үнэгүй авна. Өргөдлийн маягтыг бөглөхдөө орчуулгын товчоо болон гуравдагч этгээдийн туслалцаа авах шаардлагагүй. Та гуравдагч этгээдийн туслалцааг авсан ч өргөдөлд мэдүүлсэн мэдээллийн үнэн зөвийг Та өөрөө хариуцна. Та визний мэдүүлгээ цаг хугацаанд нь өгнө үү (баримт бичгийг явахаасаа 3 сарын өмнө өгч болно)! Баримт бичгийг хамгийн багадаа ажлын 4 өдөрт боловсруулан шийдвэрлэх ба асууж тодруулах зүйл гарсан зарим тохиолдолд үүнээс удаан хугацаа шаардагдаж болно. Зарчмын хувьд виз мэдүүлэгч өөрийн биеэр ирж өргөдлийг гаргана.Зарчмын хувьд виз мэдүүлэхдээ нэг, хоёр ба олон удаа орох виз мэдүүлж болох ба нийт оршин суух хугацаа нь Шенгений орнуудад нэвтэрсэн өдрөөс эхлэн хагас жилд 90 хоногоос илүүгүй байна. 18-аас доош насны аялагчид асран хамгаалагчийн нотариатаар баталгаажуулсан зөвшөөрлийг авчирна. Аялагч болгон тусдаа өргөдөл гаргана. Элчин сайдын яам бүх төрлийн аялалд зориулж дэлгэрэнгүй санамж бичгүүдийг гаргасан байгаа. Баримт бичгийг дутуу бүрдүүлж өгвөл мэдүүлгийг шийдвэрлэх боломжгүйг анхаарна уу! Дээр дурдсан баримт бичгүүдээс гадна зарим тохиолдолд нэмэлт зүйл шаардагдаж болно. Бусад асуудлыг Визийн тасгаас лавлана уу: Утас: +976-11-319 739 (Даваа – Пүрэв, 14.30-16.30 цагт) Факс: +976-11-323 905 e-мэйл: visa@ulan.diplo.de Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан тул үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй. www.ulan-bator.diplo.de Визийн тасгийн ажиллах цагийн хуваарь: Өргөдөл өгөх: Даваа – Пүрэв 9:00 - 12:00 цагт Паспортаа ирж авах: Даваа – Пүрэв 14:00 цагт
No comments:
Post a Comment