Дэлхий дахин даяарчлагдаж, хүн бүр боловсрол мэдлэгээ дээшлүүлэхээр гадаадын аль нэг орныг зорих болсон энэ цаг үетэй холбогдуулан АНУ-аас манай улсад суугаа Элчин сайдын яамнаас нэгэн сонирхолтой уулзалтыг өчигдөр зохион байгууллаа. Олон улсын шилдэг боловсролын байгууллагуудын нэлээдгүй хувийг бүрдүүлж байдаг тус улс руу манай оюутан залуус очиж суралцах сонирхол их байдаг ч суралцах хүсэлтэй тэдний тал хувь нь АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамнаас визийн зөвшөөрлөө авч чадаагүйгээсээ хүсэл мөрөөдлөө ардаа орхидог. Тэгвэл энэ бүх бэрхшээлийг хэрхэн даван туулж, сурч боловсрох хүсэл эрмэлзлэлээ биелүүлэхэд юуг анхаарах, тус улсад зорчих визний зөвшөөрлийг авахын тулд яах ёстой вэ гээд олон асуултад хариулт өгсөн, өндөр ач холбогдол бүхий энэхүү уулзалт Отгонтэнгэр их сургууль дээр болсон юм. Уулзалтад АНУ-аас манай улсад суугаа Элчин сайдын яамны дэд консул Кристофер Андерсон оролцож, оюутнуудад бүхий л талын зөвлөгөө, мэдээллийг өөрийн биеэр хүргэсэн явдалд тус сургуулийн захиргаа хамт олон болоод оюутан залуус талархаж байлаа.
Энэхүү уулзалтын үеэр дэд консулын оюутнуудад хандаж хэлсэн зөвлөгөөнүүдийг сонсвол АНУ-д суралцах хүсэлтэй монголчууд нь юуны түрүүнд F1 цагаачлалын бус оюутны визийг мэдүүлэх ёстой байдаг гэнэ. Энэ төрлийн визийг магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллеж, англи хэлний хөтөлбөрт суралцах хүсэлтэй виз мэдүүлэгчдэд олгодог бөгөөд тус Элчин сайдын яамны Консулын хэлтсээс энэ төрлийн виз мэдүүлэгчдэд зориулсан тусгай дагаж мөрдөх журмыг хүртэл гаргасан байдаг аж.
Кристофер Андерсоны оюутнуудад хандаж хэлсэн үгэндээ юуны түрүүнд тус улсад сурахаар сургуулийнхаа урилгыг авсан л бол сургалтын хөтөлбөрөө эхлэх хугацаанд амжиж очихын тулд АНУ-ын сургалтын хөтөлбөр төдийгүй виз мэдүүлэх ажиллагаагаа эртнээс төлөвлөхийг хүссэн юм. Хэрвээ шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлчихсэн бол сургалтын хөтөлбөр эхлэх хугацаанаас 120 хоногийн өмнө визээ мэдүүлж болно гэдгийг ч онцолсон.
Харин оюутны виз мэдүүлэгчид нэн тэргүүнд юу юуг бүрдүүлсэн байх хэрэгтэйг дурдвал юуны өмнө АНУ-д суралцах боловсролын байгууллагаасаа урилга авсан байх ёстой ажээ. Түүнчлэн гадаадын бүх оюутан төлөх шаардлагатай байдаг SEVIS хураамжийг төлсөн баримт байх хэрэгтэйгээс гадна ярилцлагын цагаа товлож визийн мэдүүлгийн хураамж болох 131 ам.доллартай тэнцэх хэмжээний монгол төгрөгийг тушаачихвал ерөнхийдөө болоод явчихдаг гэнэ.
Уулзалт, зөвлөгөөний дараа оюутан, залуус өөр өөрийн сонирхсон асуултаа асууж, хэрэгтэй мэдээллүүдээ нэг бүрчлэн мэдэж авч байсан бөгөөд орчин үеийн залуусын мэдлэг, боловсрол дээшилж буйг орчуулагчийн шаардлагагүй англи хэлээр асууж байсан оюутнуудаас харж болохоор байлаа.
Дэд консул Кристофер Андерсоны оюутнуудад хандаж хамгийн их анхааруулан хэлсэн зүйл нь хуурамч бичиг баримтын асуудал байсныг нуух юун. “Хэн нэгэн зальт этгээдийн худал хуурмаг зар, мэдээлэлд итгэн өөрсдийгөө бүү хохироогоорой. АНУ-ын виз авахад туслана, ярилцлагын цагийг урагшлуулж өгнө гэхчлэн худал зар их явдаг учраас болгоомжтой байгаарай хэмээн тэр анхааруулсан юм. Мөн виз мэдүүлэгчид өөрсдөө ч гэсэн ямар нэг аргаар хуурамч бичиг баримтыг бүрдүүлж, залилан мэхлэх аргаар буюу материаллаг баримтыг санаатайгаар гуйвуулах замаар цагаачлалын бус виз авахыг завдан тэрхүү гэм буруу нь нотлогдвол визийг үүрд татгалзах эрсдэлтэй гэдгийг ч онцолж байлаа.
Эцэст нь тэрбээр “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ шүү” гэдэг үгийг онцлон хэлж “ярилцлагын цонхон дээр та бүхэнтэй дахин уулзана байхаа гэдэгт итгэлтэй байна” гэдэг үгээр уулзалт, ярилцлагаа өндөрлөсөн юм.
АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын яамны дэд консул Кристофер Андерсон: Англи хэлээ сайн сурч чадвал Америк орон нээлттэй
Өнөөдрийн уулзалт, зөвлөгөөний гол зорилго, ач холбогдол нь юунд оршиж байна вэ?
АНУ-ын Засгийн газар бол Америк болон Монгол иргэдийн хоорондох харилцаа холбоог улам нягтруулах зорилготой өнөөг хүртэл ажилсаар ирсэн. Мөн түүнчлэн соёлын болон бусад бүх талын ажил дээр хамтран ажиллахыг хүсч байдаг. Үүнийг биелүүлэх үндсэн хэлбэрүүдийн нэг нь оюутан, залуусыг АНУ-д сургах хөтөлбөр юм л даа. Харин тэдэнд манай улсруу очиж суралцахын тулд визээ хэрхэн авах вэ гэсэн асуултад хариулт өгөх зорилготойгоор өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байгаа юм. Виз авах үнэн зөв бүхий л мэдлэгийг олгож байгаагаараа ихээхэн ач холбогдолтой болж байна.
Суралцахыг хүссэн оюутнуудын хувьд хамгийн түрүүнд юу юу зайлшгүй шаардлагатай болдог бол?
Оюутан залуус маань үнэхээр АНУ-д суралцах хүсэл эрмэлзлэлтэй байгаа бол юуны түрүүнд англи хэлний мэдлэгээ зохих түвшинд хүргэчээд, санхүүгийн эх үүсвэртэй гэдгээ өөрөөр хэлбэл сургуулийнхаа төлбөрөө өөрөө төлж чаднаа гэдгээ батлан харуулах ёстой байдаг. Хамгийн гол нь өөрийгөө бэлдэж англи хэлээ сайн сурах хэрэгтэй.
Ер нь хичнээн оюутан танай Элчин сайдын яамнаас визний зөвшөөрлөө авсан байдаг вэ. Оюутнуудын хувьд хэр зэрэг боломжтой бол?
Сүүлийн арван жилийн хугацаанд 11 мянган оюутан виз авсан гэх судалгаа байдаг л даа. Харин оюутны виз татгалзсан үзүүлэлт нь 50 хувьтай байдаг. Гэхдээ энд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Учир нь үнэхээр англи хэлний зохих мэдлэгтэй, суралцах зорилготой, их дээд сургуулийн үндсэн хөтөлбөрт шалгалт өгөөд тэнцсэн оюутнуудын хувьд бол виз авах магадлал өндөр байдаг. Харин англи хэлний ямар ч мэдлэггүй. Англи хэлийг очоод урт хугацаагаар сурнаа гэсэн зорилготой хүмүүст бол боломж бага байдаг шүү гэдгийг хэлье.
Цаашдаа ийм төрлийн уулзалт зөвлөгөөнийг өөр сургуулиуд дээр зохион байгуулах болов уу?
Мэдээж тэгэлгүй яахав. Аль болох сар бүр ийм уулзалт, ярилцлагыг бусад сургуулиуд дээр зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Сургуулийнх нь нэрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан ирэх саруудад ийм уулзалтыг дахин явуулах төлөвлөгөөтэй байгаа.
Wednesday, January 21, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment